Элч гэрлийн эзэд

Үндэсний М-Си-Эс Интернэйшнл ХХК-ийн удирдлагаар монгол инженерүүдийн барьсан Ухаа худаг цахилгаан станцыг 2011 оны 9 сарын 24нд нээлтээ хийсэн юм.

Манай улсад сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд шинээр цахилгаан станц баригдаагүй, урьд өмнө нь хэрэглэж байгаагүй шинэ технологийг Монголд анхлан нэвтрүүлсэн зэрэг хүндрэл бэрхшээл тулгарсан ч манай инженерүүд тус цахилгаан станцын зураг төсөл, тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг 10 сарын хугацаанд, барилга угсралт, туршилт тохируулгыг 15 сарын хугацаанд буюу бүхэлд нь 25 сарын хугацаанд станцыг барьж ашиглалтанд оруулсан юм. Үйлдвэрлэл, дэд бүтэц хөгжсөн, цаг агаарын таатай нөхцөлтэй улс орнуудад ижил төстэй цахилгаан станцыг 24-30 сарын хугацаанд барьдагтай жишихэд монгол инженерүүдийн ур чадвар олон улсын түвшинд хүрсэнийг илтгэж байна.

Энержи Ресурс ХХК-ийн захиалгаар Ухаа худагт барьсан цахилгаан станцын ерөнхий гүйцэтгэгчээр М-Си-Эс Интернэйшнл ХХК ажиллаж, төслийн гүйцэтгэлд эрчим хүч, барилга угсралтын 80 гаруй компанийн 1500 орчим инженер, техникийн ажилчид оролцсон юм. 

Тус  цахилгаан станцад олон улсын эрчим хүчний салбарт нэвтэрч байгаа байгаль орчинд ээлтэй, шилдэг технологиуд болох:

  • нүүрсийг бүрэн шатаах циклонтой, агаар орчинд азотын исэл үүсгэхгүй нам температурын буцламтгай үед шатаах зуух,
  • хүхрийн исэл үүсгэхгүй байх нэмэлт хүхэргүйжүүлэх тоноглолууд,
  • утааны хийтэй хаягдах дэгдэмхий үнсийг 99%-с дээш барих боломжтой цахилгаан шүүлтүүрүүд,
  • ус хамгийн багаар хэрэглэх агаарын хаалттай хөргөлтийн систем

зэргээр тоноглосон нь цаашдаа баригдах эрчим хүчний томоохон чадлын эх үүсвэрүүдийн хувьд жишиг болно гэж үзэж байна. Ухаа худаг цахилгаан станцад суурилуулсан агаарын хөргөлттэй систем нь одоогоор манай орны бусад станцуудад ашиглагдаж байгаа усан хөргөлтийн системтэй харьцуулахад 4-5 дахин бага ус хэрэглэж байгаа юм. Мөн баяжуулах үйлдвэрээс ялгагдсан хямд бүтээгдэхүүн болох эрчим хүчний нүүрсийг ашиглаж байгаа нь үр ашгийг нэмэгдүүлж байна.

Ухаа худаг уурхайн хэмжээнд цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэх, түгээх чиглэлээр 230 гаруй шинэ ажлын байр бий болсоноос 30 орчим хувийг орон нутгийн иргэд, 10 хувийг Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ зэрэг бусад орон нутгаас ирсэн ажиллагсад эзэлж байна. Ажиллагсадын ихэнх нь шинэ залуу сургууль төгсөгчид байгаа ба өнгөрсөн жил гаруй хугацаанд мэргэжилтэнүүдээ тусгай хөтөлбөрийн дагуу бэлтгэн, ижил төсөөтэй дотоод, гадаадын станцуудад дадлагажуулж, мэргэшүүлсэн юм.

Ухаа худаг уурхайг түшиглэн цахилгаан станц барьснаар Цогтцэций сум болон ойролцоох бүс нутагт найдвартай эрчим хүчээр хангагдаж улмаар жижиг, дунд үйлдвэрлэл болон үйлчилгээний газрууд шинээр баригдаж, хүн амын төвлөрөл нэмэгдэж сум орон нутгийн хөгжил хурдсан, томоохон хот сүндэрлэж байна.